Угийн бичиг, ургийн бичиг гэж юу вэ?

Уг удмын хэлхээ холбооны бичгийг хөтлөх нь садан төрөл хүмүүс бие биесээ танин мэдэж, харилцан халамжлан туслалцах,  ядарснаа өргөн тэтгэх, ах захаа хүндлэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцах зэрэг ураг төрлийн ёс журмаа сахин мөрдөхийн үндэс болох учиртай. Зөвхөн эцгийн талийн дээд үеийг хамруулан бичвэл угийн бичиг , эцэг  эхийн хоёр талыг хамруулан бичвэл ургийн бичиг гэнэ. Айл гэрийн түүх буюу удмын шастир, ургийн бичиг нь оюун билигт өвөг дээдсийн олон зуун жилийн тэртээгээс сэтгэл зүрхэндээ нандигнан, уураг тархиндаа эрэмбэлэн боловсруулж, хойч үедээ уламжлуулж ирсэн нийгэм, эмнэлэг биологи, удам угсаа , ёс заншил , хүмүүжил соёл, хэл шинжлэл, түүх, намтар судлалын зэрэг олон ая холбогдолтой гайхамшигт бүтээл гэж судлаачид  үздэг. Монголчууд ургийн бичгээ хөтөлж эхлэхдээ  өдрийн сайныг сонгон , өөрийн удмийн бич жилтэй хүнээр , тийм хүнгүй бол нутаг усандаа нэр хүндтэй бич жилтэй хүнийг урьж , ёслол үйлдэн бичүүлдэг уламжлалтай . Хэвлэлийн техник , арга барил хөгжөөгүй байсан цаг үед монголчууд ургийн бичгээ гурван хувь хуулан бичиж, 

1. гардан зохион байгуулж хийсэн хүнд,

2. овог удмынхаа хамгийн ахмад настанд,

3. хамгийн отгон нуган үрд тус тус хадгалуулж , цагаан сараар үр ач нараа танилцуулан , гурван жилд нэг удаа нас барсан болон шинээр нэмэгдсэн хүмүүс, хүргэн бэр, үр хүүхдийн талаарх мэдээллийг нэмдэг уламжлалтай байжээ. Мөн ахан дүүсдээ эсвэл алс холын нэгэнд үрийн заяа бэлэглэн үрчлүүлсэн, хүж барьж  ах дүү болсон, эхийн сүү , цусны донорын ачит үйлсээр холбогдон  ах дүүс болох зэрэг тохиолдлоор нүүр тулан уулзаагүй , эсвэл уг удам, ураг садны холбоотой болохоо хараахан мэдэхгүй элэг нэгт ахан дүүс биесээ олох , танилцах , ураг төрлөө мэдэлцэхэд  удмын шастир , ургийн бичиг тус дэм болох учиртайг ойлгож аль болох үнэн зөв мэдээлэл бүхий ургийн бичиг хөтлөх учиртай.

Монголчууд яагаад угийн, ургийн бичиг хийдэг вэ?

Монголчууд эцэг эхийн нэрийг хэлэхээс цээрлэдэг , овог аймгийн нэрээр овоглож ирсэн бөгөөд хүүхдийг багаас нь ураг саднаа есөн үе хүртэл нэрлүүлж тогтоолгож байв. Найр наадамд ирсэн залуу хүн ахмадуудтай мэндлэхдээ ураг удмаа хэлж эс чадвал тэр найр наадамд орох эрхгүй байсан гэдэг. Энэ нь монгол хүн генийн удмийн сангаа цэвэр байлгах , цус ойртсоноос гарах элдэв сөрөг талыг сайн мэддэг байсан төдийгүй, ургийн бичгээ үеэс үедээ ам дамжуулан мэдүүлж ирсэн ажээ.

Удмын шастир, ургийн бичиг ялгаатай юу? 

Тухайн хүний удам угсаа, намтар түүх, нийгэмд эзлэж байсан суурь, гэр бүл үр хүүхдийн талаар дэлгэрэнгүй бичсэнийг удмын шастир, холбогдох хүмүүсийн зөвхөн нэрийг , ямар хамааралтайг бичиж тэмдэглэснийг ургийн бичиг гэнэ. Удмын шастир нь тухайн хүний төрсөн, нас барсан он сар өдөр , хэ