Оюун ухааны дууль

Б.Цэнддоо

Оюун ухаан бол мунхаг харанхуйн өмнө нээгдсэн гэрэлт цонх юм. Хэн тэр цонхоор үсрэн гараад танин мэдэхүйн байгаль ертөнц рүү дэгдэн хүрсэн нь гэгээрч ухаажна. Харин цонхоор зүгээр л ширтээд үлдсэн нь харанхуйд байснаасаа ч дор болж үлдэнэ. “Харанхуй бол харанхуй” тэнд төөрөгдөл ч үгүй, гэгээрэл ч үгүй. Харин цонхоор ширтээд үлдэгсэд модыг амьтан гэж, амьтныг мод, гэрлийг сүүдэр гэж төсөөлсөөр үлдэнэ. Төөрөгдөл эндээс эхэлдэг. Танин мэдэхүйн цонхоор ширтээд үлдэгдсэд л төөрнө, ухаантай атлаа танихаас залхуурагсад л төөрөгддөг. Гэгээрсэн Будда “би чамайг аврахгүй ” гэж айлджээ. Цонх нээсэн тэгээд л боллоо, чамайг чирж гулдарч гаргах үүрэг бурханд байхгүй. Бурханд итгэдэг гэж мянгантаа тангараглаад ч нэмэргүй, харанхуй хонгилоос өөрөө л үсрэн гарахгүй бол аврагдахгүй . Буддизм “Бурханд өөрт нь итгэгч ” -нарт зориулсан сургааль биш. Харин “Өөрийгөө бурхан” гэдэгт  итгэгчдэд зориулсан сургааль ажгуу. Хамаг амьтныг аврагчийн үг гэхэд сонин байгаа биз? Тэгвэл бурхан гэж байхын хэрэг юу билээ гэж эргэлзмээр. Үнэхээр ч тэгсэн, бурхан гэж байхгүй, чи өөрөө бурхан гэсэн ” Би бурхан мөн юм бол, би яагаад бурхан биш байна”… Чи өөрөө босоод яв, мунхагийн харанхуйгаас үсрэн гар, гэрэл гэгээнд төтлөн тэмүүлэгтүн . Цонхны цаана алмайраад суугаа чамайг хэн ч авран гэгээрүүлэхээр авч явахгүй. Хүн бүр өөрийнхөө аврагч . Чи өөрөө өөрийгөө аврана. Чи бол бурхан өөрөө . Одоохондоо сэрж босоогүй учраас төрж амжаагүй Будда.

“Бодь мөрийн зэрэг” сударт

“Будда хилэнцийг усаар угаадаггүй , Бусдын зовлонг гараар арилгадаггүй,  Өөрийн эрдэм чадлыг өрөөлд юүлдэггүй , Үнэн жам ёсыг таниулан гэгээрүүлдэг” хэмээн номлосон. 

Будда хүнийг сэрээдэг, гэгээрэн танихуйн үүдийг дэлгээд дуудддаг. Мансууран залхуурах оюун сэтгэлгээ сэрээн намайг дагагтун, бүгдээрээ гэгээрэгтүн . Бурхан Буддагийн “эх болсон зургаан зүйл хамаг амьтныг аврах” тангараг нь “Бүгд бурхан”хэмээсэн тунхаг. Хүн бүгд Будда мөн, Шагжаамунь бээр та нарын хэнээс ч илүү биш, хэн чинь ч түүнээс дутуу биш , бүгд Будда. Харин мунхагийн нойроос сэрсэн сэрээгүй цаг хугацааны ялгаа буй. 

Үүд хаалга цэлийтэл нээгдэвч , Үзээгүй хүнд бол зураг л харагдана ,  Орон зайн алсран цэлийвч ,  Ороогүй хүнд дүрс л үзэгдэнэ.

Харанхуй шоронгийнх нь үүдийг нээгээд , цонхыг нь дэлгээд өгсөн байхад гарахаас залхуурагсад байдаг.”Хэн нэгэн намайг энэ цонхоор гаргана даа” гэж   найдан аврагчийг хүлээдэг. Тэд л мухар сүсэг, бурханы нэрээр захиалагчдыг бүтээж, хувь заяагаа даатгасан бөлгөө. /Өдрийн сонин ” Оюун ухааны дууль” нийтлэлээс товчлон бичлээ. Сонин унших завгүй эцэг эхчүүдэд зориулав

Familyandpeople.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *