Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам
Асуулт : Шунан хүлэгдэх сэтгэлийг даван туулахын тулд ямар учраас бид тухайн зүйлийн үзэшгүй муухай талыг бясалгах хэрэгтэй болдог юм вэ?
Хариулт : XIV Далай лам
Дурлан хүлэгдэх сэтгэлийг даван туулахын тулд ямар учраас бид тухайн зүйлийн үзэшгүй муухай талыг бясалгах хэрэгтэй болдог вэ? гэхээр. Тухайн зүйлийг маш сайхан гэж бодсон учраас бид тэдгээр зүйлүүдэд шунадаг. Тэдгээрийг тийм үзэмжтэй биш гэж бодох нь үүнийг яг эсрэг болно. Жишээ нь : Бид хэн нэг хүний гадаад үзэмжийг сайхан гэж харснаар түүний биед шунаж байна. Энэхүү шунах сэтгэлийг шинжлээд үзвэл энэ нь ердөө арьсыг харсны үндсэн дээр суурилсан болохыг бид олж мэднэ. Гэвч бидэнд сайхан харагдаж байгаа тухайн биеийн бодит мөн чанар нь мах, яс, арьс зэрэг зүйлийн нийлбэр төдийхөн юм. Одоо бүгдээрээ жишээ болгон хүний арьсыг шинжилж үзье. Хэрэв түүнээс нэг хэсгийг авч хэдэн өдрийн турш тавиур дээр хэсэг хугацаанд байлгавал үнэхээр үзэмжгүй муухай болно. Энэ бол арьсны мөн чанар. Түүнчлэн биеийн бүхий л хэсэг үүнтэй адил. Хүний биеийн аль ч хэсэгт ямар нэг өөрийн мөн чанараас бүтсэн үзэсгэлэнт зүйл нэгээхэн ч байхгүй. Бид цус харахаараа татагдах бус бүр айдаг. Ямар ч сайхан зүс царай байлаа гээд шалбарч зурагдвал сайхнаараа харагдахгүй. Үзэмжгүй муухай байдал нь үнэн хэрэгтээ бие махбодын үнэн мөн чанар. Хүний яс, арга яс бас л үзэмжгүй. Гавал болон хэлхээтэй чөмгөний яс зэрэг нь таагүй мэдрэмж төрүүлдэг. Тийм биш гэж үү? Ингэж бодох нь шунан хүлэгдэх сэтгэл буюу дурлал гэдэг зүйлээр хүлэгдэх үед шинжлэн судлах арга юм. Хайр дурлал гэдгийг энэ үед шунан хүлэгдэх сэтгэлтэй холбож ойлгох хэрэгтэй. Тухайн зүйлийн үзэмжгүй талуудыг илүү их бодох хэрэгтэй. Цаашлаад тухайн эд зүйл, бодгалийн мөн чанарыг шинжилж үзэх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь бидний шунан хүлэгдэх сэтгэлийг бүрэн арилгаж чадахгүй ч түүнийг бага боловч бууруулна. Энэ нь юмсын үзэмжгүй талыг бясалгаж дадуулах зорилт юм. Өөр нэг төрлийн хайр болох асрах сэтгэл бол өөр хэрэг. “Тэр хүн үнэхээр бусдаас онцгой, үзэсгэлэнтэй учраас би түүгээр бахархаж, тэрэнд хайраа илэрхийлэх хэрэгтэй” гэсэн учир шалтгаан дээр үндэслэдэггүй. Хиргүй цэвэр хайрын суур бол “Энэ төрөлхтөн зовлон хүсэхгүй, жаргал амгаланг хүснэ” хэмээх бодол юм. Үүнээс үндэслэж хайрлах, энэрэх сэтгэл төрдөг. Энэ хайр бол өмнөх өгүүлсэн хайраас тэс ондоо. Өмнө өгүүлсэн хайр нь сэтгэл хөдлөл, эс мэдсэн мунхгаас улбаалж гарсан тул цэвэр ариун биш юм. Асарч хайрлах сэтгэлийн шалтгаанууд нь алдаагүй зөв үндэслэлтэй байдаг. Шунах сэтгэлтэй холбогдсон хайр нь тухайн цаад зүйлийн хэв шинж, хандлага зэрэг нь бага зэрэг өөрчлөгдмөгц л шууд сэтгэлд өөрчлөлт орно. Энэ нь бидний сэтгэл, мэдрэмж маш өнгөц гадаад зүйл дээр суурилсан байдагтай холбоотой. Гэрлэлтийг жишээ болгон авч үзье. Ихэнх тохиолдолд хэдэн долоо хоног, хэдэн сар эсвэл хэдэн жилийн хосууд муудалцдаг. Бүр дайснууд болоод салдаг нь ч цөөнгүй. Тэд анх хайр сэтгэлээр гэрлэсэн. Хэн ч үзэн ядах сэтгэлээр гэрлэлтийг сонгодоггүй. Гэвч хэсэг хугацааны дараа бүх зүйл өөрчлөгддөг. Яагаад? Яагаад гэвэл харилцааны тэрхүү өнгөц төдий сууриас шалтгаалан нэгэнд нь багахан өөрчлөлт гарахад л тэр нь нөгөө хүний хандлагыг бүрэн өөрчлөгдөхөд хүргэж байна. Бид сайн бодох хэрэгтэй. “Хүн бүр миний адил хүн бөгөөд амар амгаланг хүсэж, зовлонг хүсдэггүй. Би аз жаргалтай байх эрхтэйн адил бусад хүн ч бас аз жаргалтай байх эрхтэй” гэсэн учир шалтгааны эрүүл үндэслэл нь хиргүй цэвэр ариун хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг бий болгоно. Ингэснээр тэр хүний үзэгдэх байдал сайнаас муу муухай болон өөрчлөгдсөн ч тэр хүн үнэндээ бидний сэтгэлд надтай адил хүн хэвээр л байсаар байна. Хайрлах, асрах сэтгэл төрүүлсэн үндсэн шалтгаан үргэлж хэвээр байх учраас бидний бусдад хандах сэтгэл маш тогтвортой хэвээр байх болно. Мэдээж бид өөрийн сэтгэлийг татах хүнтэй хамт байх, эсвэл дуртай зүйлээ хийж эдэлж хэрэглэхэд тодорхой таашаал төрнө. Гэвч Нагаржуна гэгээнтэн бээр “Эрдэнийн эрих” хэмээх бүтээлдээ
“Маажих нь амгалан авчрах боловч Маажуургүй байх нь илүү амгалантай Түүнчлэн ертөнцийн шуналыг хангахаас Тоох шуналгүй нь илүү жаргалантай” хэмээн айлдсан байна. Мөн уур бухимдлын ерөндөг нь асархуй сэтгэлийг бясалгах юм. Учир нь уур бол сэтгэлийн маш ширүүн төлөв байдал мөн учир бид түүнийг асрахуй сэтгэлээр зөөллөх учиртай.
Оюун судлахуйн найман бадагт хэмээх шастирын тайлбар ном “Гүнчавжамбаалин төв, асрал төв төрийн бус байгууллага”
Family and people .mn